Залуу нас бол богинохон, амтат зүүд юм. Сэрэхэд чинь тэр хэдийнээ явчихсан байх болно. Уильям Шекспир

Tuesday, 17 July 2018

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

Ц.ХҮРЭЛ-ОЧИР: ЭРҮҮГИЙН ХУУЛЬ КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛЖ ЧАДДАГГҮЙ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, докторант Ц.Хүрэл-Очиртой ярилцлаа.

- Мэдээллийн аюулгүй байдал гэж чухам юу вэ?
XX зуунд хүн төрөлхтөний бүтээж бий болгосон шилдэг ололтын нэг болох “кибер ертөнц” цахим мэдээллийн цоо шинэ харилцаа, орчин, орон зайг бүрдүүлсэн бөгөөд танин мэдэх үйл явцад бидний зарцуулдаг цаг хугацаа, орон зайн тухай уламжлалт ойлголтыг халсан юм.
“Кибер ертөнц” мэдээллийг түгээх, дамжуулах, олж авах, ашиглах, солилцох орон зайн үүрэг гүйцэтгэхээс гадна бизнес, эдийн засаг, банк санхүү, шинжлэх ухаан, боловсрол зэрэг нийгмийн олон талт харилцааг агуулсан өргөн сонголттой, ашиглахад хялбар, цаг хугацаа хэмнэсэн, газар нутаг, орон зайн алслалтаас хамааралгүй, эрх зүйн зохицуулалтын өргөн агуулга бүхий үйл ажиллагааны талбар болж хувирлаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.6-д “Мэдээллийн салбарт үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэс мөн” гэж тодорхойлсон. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4-д үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт мэдээллийн аюулгүй байдлыг хамааруулсан байна.
Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологийг ашиглан үндэсний мэдээллийн нөөц баялаг, түүний эрх ашигт заналхийлэх аливаа халдлагаас хамгаалах асуудал өдгөө нэг үндэстний хэмжээнд бус, дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, уг асуудлыг эрх зүйгээр төрөлжүүлэн зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хослуулан хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
- Компьютерийн гэмт хэрэг бусад гэмт хэргээс юугаараа ялгаатай вэ?
Гэмт этгээдүүд (гэмт хэргийн бүлэглэл) мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж улс үндэстэн, хил хязгаар дамнасан гэмт халдлага, хууль бус үйл ажиллагаа эрчимтэй явуулах болсныг дэлхийн улс орнуудын шүүхийн практик, эх сурвалжууд баримтаар нотолж, хувь хүн, нийгэм, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын тулгуур хүчин зүйлийн нэг гэж үзэх хандлага түгээмэл болов.
Кибер халдлагын золиос орнууд

Monday, 16 July 2018

Мэдээллийн Технологи гэж юу вэ?

Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ". Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мэдээллийн технологи нь одоо дэлхийг хавтгайруулагч хүчин зүйл болоод байгаа бөгөөд дэлхийн хөгжлийг тодорхойлогч тэргүүн эгнээний зүйл болж байна.
Мэдээллийн технологи (МТ) нь ихэвчлэн бизнес болон бусад аж ахуйн нэгжийн хүрээнд өгөгдөл дамжуулах, удирдаж, хадгалах, хүлээн авах компьютерийн програм мөн харилцаа холбооны хэрэгсэл юм.
Энэ нэр томъёог компьютер, компьютерийн сүлжээ гэдэгтэй адил үг болгон ихээхэн ашигладаг ч мэдээллийн технологи нь бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, утас зэргийг хамруулдаг. Хэд хэдэн салбарууд компьютерийн техник хангамж, програм хангамж, цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернет, харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахим худалдаа, компьютерийн үйлчилгээг агуулсан мэдээллийн технологитой холбогдсон байдаг.
Ойролцоогоор МЭӨ 3000 жилийн тэртээд Месопотами дахь Шумерчууд бичиг үсэг бий болгосноос эхлэн хүн төрөлхтөн мэдээллийг хадгалах, олборлох, ашиглах мөн мэдээлэл солилцох болсон боловч мэдээллийн технологи гэх нэр томъёог анх 1958 онд “Харвардын Бизнесийн тойм” сэтгүүлийн нийтлэлд Харолд Ж Леавит болон Томас Л Вислер нар бичсэн бөгөөд “энэ шинэ технологид одоогоор тогтсон ганц ч нэр байхгүй байна. Бид үүнийг мэдээллийн технологи гэж нэрлэх хэрэгтэй.” гэсэн байдаг. Тэдний тодорхойлолт гурван хэсгээс бүрддэг. Тэдгээр нь: боловсруулах арга, шийдвэр гаргах статистикийн болон математикийн арга замын програм мөн компьютерийн програмаар дамжуулан өндөр сэтгэхүйн загварчлал юм.
Хадгалах ба боловсруулах технологийн ажиллагаан дээр тулгуурлан МТ-ийн хөгжлийг дөрвөн ялгаатай үе шатуудад хуваах боломжтой: механикаас өмнөх (МЭӨ 3000-МЭ 1450), механик (1450-1840), электромеханик (1840-1940), электрон (1940-одоог хүртэл). Энэхүү нийтлэл нь хамгийн сүүлийн буюу 1940 оны үеэр эхэлсэн үе шат (электрон)-д илүү төвлөрсөн болно.